Бүх л жингээрээ суга таяган дээрээ даран зогсох жаалхүү, далайн захад байдаг люкс рестораныг нүд салгалгүй харж зогсох агаад тэндээс үнэртэх шарсан тахианы үнэр түүнийг хоол идэх хүсэлд бүр ч автуулж хоосон ходоодыг нь зовоож байлаа.
Жаалхүү тэр үнэрт мансууран зогсохдоо цонхноос гарсан чимээнээр сэхээ оров. Нэгэн ганган мөн нилээд тарган эр тамхи авах зуураа түрийвчнээсээ нэг цаасан мөнгө унагаачихаж л дээ, тэгсэн нөгөө мөнгө нь салхины аясаар далай руу хийсч орхиж. Нөгөө өмнөхөө ч харж чадахааргүй бүдүүн эр мөнгөө гүйцэж чадахгүйдээ бухимдаж дэмий л хойноос нь сөөнгө хоолойгоор хашгиран зогсоно.
Жаалхүү аав ээжтэйгээ осолд орсноосоо хойш хэрэглэдэг болсон суга таягныхаа нэгээр нь дарлаа. Их л үнэтэй мөнгөн тэмдэгт байв. Арайхийн бөхийн мөнгийг газраас дөнгөж автал, өнөөх махлаг эр амьсгаадсаар хажууд нь ирээд захирангуй дуугаар:
-Наадах чинь минийх, алив өгөөдөх гэв. Жаалхүү ядаж баярлалаа гэх байх гэж бодсон ч махлаг эр дуугарсангүй. Тэгээд мөнгийг түүнрүү сунгах зуураа, өлсөхийн эрхээр:
-Гэхдээ энэ мөнгөнөөс би ч бас авах эрхтэй гэж бодож байна, би түүнийг дарж зогсоогоогүй бол далай руу хийсчих байсан гэв.
Бүдүүн эр жаалхүүг нэг сайн алгадчихаад мөнгөө авах амархан байсан боловч, тэднийг бүчин зогсох сониуч хүмүүсийн дэргэд ийм юм хийхийг яарсангүй. Тэгээд ихэд боловсон дүр эсгэн,
-За яахав чинийхээр болог. Тэгээд чи хэр зэргийг хүсээв?
Жаалхүү толгойгоо ресторан руу дохиод:
-Хоёр тахиа л байхад болно, нэгийг нь өөртөө, нөгөөгий нь надад тусласан сайхан сэтгэлт хөршүүддээ өгье гэхэд
-Чи лав тахиа ямар үнэтэй байдгийг мэддэггүй бололтой гээд, чамайг хүсвэл нэгийг л авч өгч болох юм гэв. Жаалхүүгийн урам нь хугарсан боловч толгой дохин зөвшөөрөв. Бүдүүн эр хурдан гэгч нь жаалхүүгийн гараас мөнгийг аваад ресторан руу алхав. Тэгээд түүнийг тосч ирсэн үйлчлэгчдийн хамгийн настайд нь хандан:
-Өчигдрийн үлдсэн тахианаас нэгийг савлаад тэр гадаа байгаа жаалд өгчих, харин намайг эндхийн эзэн гэдгийг хэлж болохгүй шүү гэв...
Эх сурвалж: Тодорхойгүй