2010-04-28
Хайртаасаа хагацах

Түүнтэй анх танилцсан үе... Арван жилийн сургуулийн сурагч дөнгөж 14 настай байсан юм. Харин түүний насыг бүү асуу. Мэдсээр байж өөрийгөө юунд унагаснаа би сүүлд ойлгосон юм. Бидний энэ хамтын амьдралд бүгд л намайг дэндүү балчир байна гэцгээж байсан боловч ийм харьцаанд нас чухал биш гэж боддог байлаа. Анхандаа уг нууцаа дотны найзууддаа л дэлгэв. Зөвхөн түүнтэй сэтгэлээ баясгадаг байлаа. Яасан ч тэнэг байсан юм бэ дээ. Гэрийнхнээсээ тас нуулаа. Эхэндээ хүнгүй газарт цөөхөн удаа уулздаг байснаа сүүлдээ байнга цуг байдаг боллоо.

Тийм ээ, би түүнд хайртай байлаа. Гэсэн ч “Үгүй ямар бариад хүлчихсэн биш дээ, хүссэн үедээ хаяна” гэж боддог байлаа. Гэрийнхнээсээ тэр тусмаа ээжээсээ их айдаг байсан боловч нэг удаа түүнтэй орондоо хамт байж байгаад баригдсан юм.

Ээж минь уурласан ч үгүй, загнасан ч үгүй. Харин баахан сургааль айлдав. Түүнтэй байхыг минь бүү хориглооч хэмээн ээжээсээ уйлан байж гуйлаа.

Хэдэн жилийн дараа бид бие биедээ, чухамдаа би түүнд хэт татагдсан байж билээ. Харин би түүнд үнэхээр сонин биш байсан юм. Би түүнд бүхнээ зориулдаг байлаа. Тэрбээр надад зөвхөн хуурамч аз жаргал л өгдөг байв. Харин би бүх юмаа...

Түүний төлөө үргэлж хүмүүстэй муудалцаж, түүнээс болж өвчтэй ч боллоо. Эхлээд түүнийг хайрладаг байсан бол дараа нь үзэн ядаж сурлаа. Хамт байхыг хүсэхгүй байхад минь ч тэр үргэлж надтай цуг байдаг байв. Заримдаа түүнийг хайж, олсны дараа санаж үхэх шахсан амьтан баярлан уулздаг байсан юм. Түүнээс болж гэрийнхэнтэйгээ ч муудалцав. Найзуудын маань ихэнх нь түүнийг үзэн яддаг байлаа. Заримдаа би өөрөө ч хүртэл гар хуруу, бие, үсэнд минь шингэсэн түүний үнэрийг хүртэл үзэн яддаг болов.

Уруул минь хүрэх тоолонд тэр надаас ямар нэгэн юм аваад оддог байлаа. Тэр үргэлж өнгөжин жавхаажиж байсан бол би гэдэг хүн улам муудсаар... Гэвч салж чадахгүй л байлаа.

Уг нь олон удаа салахыг оролдсон боловч дахин уулзсан учрал бүхэн урьдынхаасаа илүү сайхан байдаг байлаа. Түүнийг үгүйд байж суух маш хэцүү болж эхлээд хумсаа хэмлэж, дараа нь самар цөмнө. Хагацсанаасаа болж жин нэмж эхэлсэн юм.

Магадгүй та итгэхгүй байх л даа, тэр одоо ч гэсэн дэргэд минь байж л байна. Гэвч та бүхнийхээ өмнө андгай тангараг өргөж, түүнээс хагацъя. “Нэг бол тэр намайг үгүй хийнэ, эс бол би тамхийг хаяна...”

(Одоо та дахин нэг уншина уу)  Эх сурвалж: Тодорхойгүй

Бичсэн: aamii | цаг: 20:00 | сургамжит өгүүллэгүүд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax