2010-04-28
Сэтгэлийн өчил

Эмнэлэгийн нэгэн тасагт гурван өвчтөнийг хэвтүүлжээ. Хамгийн эхэнд ирснийг нь цонхны дэргэд, дараагийнхыг нь өрөөний голд, хамгшийн сүүлчийнхийг хаалганы хажуугийн орон дээр хэвтүүлэв. Захын хоёр нь хүнд өвчний улмаас өдөржин чимээгүй хэвтэж, харин дундах нь бусдын адил босож чаддаггүй ч алиа хошин яриатай, өөдрөг дэврүүн сэтгэлтэй нэгэн байв. Тэр элдэвийг хүүрнэн нөгөө хоёрыгоо хөгжөөж өвчин зовлон шаналгаагаа бага ч атугай нимгэлэхэд өдөр хоног ч хурдан өнгөрнө.

Ийнхүү сар, улирал үргэлжилсээр өвөл эхлэв. Хүн бүрийн сэтгэл хөнгөн уйтгарт автаж исгэрэх салхийг чагнан хэвтэцгээнэ. Гэтэл нэг шөнө үүр цайхын хэрд цонхны дэргэдэх өвчтөн нас баржээ. Өглөө нь түүнийг өрөөнөөс гаргаж, өвчтөнүүдийн байрыг солихдоо дунд орны өвчтөнийг цонхны дэргэд, хаалганы хажуугийнхыг түүний байранд шилжүүлэв.

“Зөөлөн будрах цасан ширхэгээр гоёсон сүрлэг модод зам даган ярайж,зул сарынхаа гоёлыг тайлж амжаагүй хүмүүс гудамжинд сүлжилдэнэ.

Удалгүй нар улам хүчтэй ээж, цас хайлан газар дэлхий ногоорлоо. Тоглоомондоо улайрах багачуудын дуу цангинаж, шувууд жиргэхэд яаран алхах олны явдал удааширч хаврын улирал налайна.”

Алиа эр энэ бүхнийг тоочин ярих бүрд дүр зураг нь эмнэлэгийн бяцхан өрөөнд амилж хүн бүрийн сэтгэл гэгэлзэнэ.

Гэтэл сайхан бүхнийг өөрийн нүдээр харах гэсэн их хүсэл өрөөн дундах өвчтөнийг шаналгах болж зөвхөн цонхон талын байр суларсан цагт л тэр хүсэл нь биелнэ гэж бодсоор байв. Ийнхүү атаархлын харцаар хажуу тийш ширтэн арга зам хайж эхэллээ. Аятайхан боломжийг хүлээж байсан түүнийг удаан хүлээлгэхгүй гэсэн шиг нэг шөнө цонхон талын эрийн хууч хөдөлж бие нь муудав. Асрагч сахиул байхгүй тул тэрээр шүүгээн дээрх эмийг өөрөө авч уудаг байсан бөгөөд энэ удаа ач мөн адил гараа явуултал хором тоолон хүлээж байсан атгаг санаатны гарт эм нь аль хэдийнээ орсон байлаа. Шалан дээр шилний хэлтэрхий тарж, бөнжигнөн тогтсон эмэн дуслууд нуламсан хэлхээ шиг цуварчээ. Өвчтөний аяархан ёолох дуу тасарч, өрөөнд нам гүн ноёлоход хөдөлгөөнгүй хөшсөн цонхигор царайн дээр үүрийн гэгээ туслаа.

Нас барсан өвчтөнийг гаргахаар асрагчид ирж, үлдэгсдийн байрыг сольж, хоёр шинэ өвчтөн оруулав. Хүсэл нь биелсэнд баярласан хар санаат эрийн яарсан сэтгэл тэсгэлгүй догдлож цэнгэлийн сайхныг горьдон цонхны зүг эргэхэд хориод алхмын тэртээ тоосго давхарлан барьсан тас хар хананаас өөр юу ч түүнд үзэгдсэнгүй.

Эх сурвалж: тодорхойгүй

Бичсэн: aamii | цаг: 19:31 | сургамжит өгүүллэгүүд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax